ПАРИС-2024: Олимпын дөрөв дэх өдрийн онцгой содон мэдээ
7 сарын 31. 11:310

Парист болж буй Олимпын наадмын дөрөв дэх өдөр дуулиант явдлуудаар дүүрэн байлаа. Өчигдөр зохион байгуулагчид мэдэгдэхдээ, триатлоны оронд дуатлоны тэмцээн болж магадгүй гэдгийг сануулав. Мөн Таити арал дээр Австралийн серфингийн тамирчин далайд живэх аюулаас аврагдлаа. Гватемалын тамирчид түүхэндээ Олимпын хоёр дахь медалиа хүртсэнийг улс орон даяар тэмдэглэхээр зэхэж байна.

Өчигдөр усан сэлэлт, жүдо, буудлага ба ширээний теннисний төрлүүдэд багц медалийн эзэд тодорлоо. Их Британийн мэргэн бууч Натан Хейлс стэнд буудлагын төрөлд 48 оноо авч, алтан медаль хүртсэн төдийгүй Олимпын рекорд амжилтыг шинэчиллээ. Хоёрдугаар байранд Хятадын тамирчин Цин Ин /44 оноо/ орсон бол хүрэл медалийг Гватемалын Жан-Пьер Броль /35 оноо/ хүртсэн байна. Энэ бол Гватемал улсын түүхэнд хоёрдахь Олимпын медаль бөгөөд анхны буюу мөнгөн медалийг 2012 оны Лондоны Олимпын тоглолтод Эрик Баррондо спорт алхааны төрлөөр авч байлаа.

Броль буудлагаа дуусгах үед Гватемалд шөнө болсон байсан хэдий ч тэр даруй нийгмийн сүлжээнд постууд хөвөрч эхэлсэн бөгөөд өглөө болмогц улс даяараа энэ үйл явдлыг өргөнөөр тэмдэглэх бололтой.

Теннис: Энди Маррейгийн сүүлчийн тэмцээн

Өчигдөр Их Британийн теннисчин Энди Маррей, Даниэл Эванс хоёр эрэгтэй хосын төрөлд хэрхэн оролцохыг улс орон даяар нүд цавчилгүй харцгааж байв. Учир нь, Маррей спортын замналдаа сүүлчийн тэмцээнд оролцож байгаа бөгөөд Парисын талбайд хийж буй тоглолтуудын аль нь ч түүний хувьд эцсийнх байж магадгүй юм.

 

 

Гэвч Маррей, Эванс хоёр Бельгийн Сандер Жиль, Йоран Влихен нарыг тайбрейкт 6:3, 6:7, 11:9 харьцаагаар ялснаар шилдэг наймд шалгарч чадлаа. Өмнө нь Энди нурууны гэмтлийн улмаас Олимпын ганцаарчилсан төрлийн тэмцээнээс хасагдсан байна.

Их Британийн хос ням гарагт болсон тоглолтын шийдвэрлэх тайбрейкийн үед Японы тамирчдад 4:9 харьцаагаар хожигдож байсан боловч таван матчболл дараалан авснаар гуравдугаар сетэд ялж, хоёрдугаар тойрогт шалгарч чадсан билээ.

Энди Маррей бол олон жилийн туршид Р.Федерер, Р.Надаль, Н.Жокович нарын хамт “их дөрвөл”-ийг бүрдүүлж байсан бөгөөд “Их дуулга” цуврал тэмцээнд гурван удаа аваргалж байсан юм. Түүнээс гадна, тэрбээр ганцаарчилсан төрөлд Олимпын хошой аварга цол / Лондон-2012, Рио-2016/ хүртсэн түүхэн дэх цорын ганц теннисчин билээ.

Өчигдөр Р.Надаль, К.Алькарас нар Нидерландын теннисчдийг хожсоноор ¼ шигшээ тоглолтод шалгарч, Америкийн хостой тоглохоор болжээ.

Олимпын усан сан дахь Covid-19

Энэ өдөр маш шахуу хуваарийн дагуу янз бүрийн зай, төрөлд урьдчилан шалгаруулах сэлэлтүүд явагдсанаас гадна эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ба буухиа сэлэлтэд медалийн эзэд тодорлоо. Эдгээр төрөлд америкчууд ба австраличууд илт илүүрхэнэ гэж ихэнх хүн таамаглаж байсан бол Олимпын усан санд ковид-19 илэрнэ гэж хэний ч санаанд ороогүй байв.

Австралийн усанд сэлэгч Лани Паллистерээс авсан шинжилгээний хариу эерэг гарснаар тэрбээр 1500 м-ийн зайн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцох боломжгүй болжээ. Одоо тэрбээр Олимпын тосгонд өөрийгөө тусгаарлаад байгаа бөгөөд хэдхэн хоногийн дараа болох 4×200 м-ийн зайн чөлөөт сэлэлтийн буухиа гараанд оролцоно хэмээн найдаж байна. Энэ бол усанд сэлэлтийн тамирчдын дунд халдвар илэрсэн хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь буюу ням гарагт өврөөр даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Их Британийн усанд сэлэгч Адам Пити-гээс вирус илэрсэн юм.

Спортын гимнастик: Америкчууд тасархай түрүүллээ

Олимпын дөрвөн удаагийн аварга Симона Байлз спортын гимнастикийн багийн төрөлд АНУ-ыг ялалтад хүргэснээр тав дахь алтан медалиа хүртлээ. Токиогийн Олимпод мөнгөн медаль хүртэж байсан Америкийн эмэгтэй баг бүх элементийг төгс гүйцэтгэснээр Итали, Бразилын гимнастикчдыг ардаа орхин гурван жилийн дараа зорилгодоо хүрч чадсан юм.

 

 

Бүх дөрвөн дасгалд тэд хамгийн өндөр буюу 171,296 оноо авснаар мөнгөн медальт Италийн багийг 5,802 оноогоор илүүрхлээ. Италийн эмэгтэйчүүд 1928 онд хоёрдугаар байрт шалгарч байсан бол Токио-2020 тоглолтод 4 дүгээр байр эзэлж байв.

Харин Токиогийн Олимпын аварга Ребека Андраде-гаар ахлуулсан бразилчуудын хувьд багийн төрөлд Олимпын анхны медалиа хүртлээ.

Ширээний теннис: БНХАУ vs БНАСАУ

Ширээний теннисний холимог хосын төрлийн алтан медалийн төлөөх Хятадын Ван Чуцин/Сүн Ингша ба Умард Солонгосын Ри Ён Сик/Ким Юн Ён нарын өрсөлдөөн олны анхаарлыг татлаа.

 

 

Үнэмлэхүй давамгайлагчид гэгддэг Хятадын тамирчид талбайд гарч ирэн, тоглолтын эхний хагаст хошуучилж байв. Тайлбарлагчид дүгнэн хэлэхдээ, Умард Солонгосын теннисчид маш сайн тоглож байгаа боловч улс орон нь хаалттай учраас дэлхийн шилдгүүдтэй халз өрсөлдөхөд туршлага дутаж байна гэж байлаа. Үүнийг сонссон мэт Ри Ён Сик, Ким Юн Ён нар довтолгоогоо эрчимжүүлж, хятадуудыг алтан медалиас нь золтой л салгачихсангүй. Умард Солонгосын холимог хосын тамирчид хожигдсон хэдий ч Хятадын тамирчдын илэрхий давамгайллыг халах гэсэн оролдлогыг сүүлийн олон жилийн хугацаанд анх удаа бид олж харлаа.

Хүрэл медалийг Өмнөд Солонгосын тамирчид хүртэв.

Триатлоны тэмцээн дуатлон болж хувирах магадлал

Триатлоны тэмцээнд томоохон саатал гарлаа. Олимпын энэ тэмцээн усанд сэлэлт, дугуйн уралдаан, гүйлт гэсэн гурван төрлөөр явагддаг. Сена мөрний ус бохирдсоны улмаас ням ба даваа гарагуудад триатлоны тамирчид усанд сэлэлтийн бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүйд хүрсэн билээ. Зохион байгуулагчид яаралтай арга хэмжээ авсан боловч мягмар гарагт болох ёстой байсан эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнийг лхагва гараг хүртэл хойшлуулжээ.

 

 

Өнөөдөр мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн явагдах ёстой учраас триатлоны тэмцээний хуваарь хэт шахуу болж байна. Үүний зэрэгцээ Сена мөрний ус цэвэршинэ гэх баталгаа алга.

Зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар бол, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдийн тэмцээнийг явуулах боломжит эцсийн хугацаа нь 8 дугаар сарын 2-ны баасан гараг болж байна. Хэрвээ энэ үед тэмцээнийг явуулах боломж гарахгүй бол зохион байгуулагчдын зүгээс онцгой арга хэмжээ авч, Олимпын түүхэнд анх удаа триатлоныг дуатлон /дугуйн уралдаан + гүйлт/ болгох магадлалтай.

Эмгэнэлт явдлын ирмэг дээр

Францын Полонезийн Таити арал дээр болж буй серфингийн тэмцээний гурав дахь үе явагдаж байх үед золтой л эмгэнэлт явдал болсонгүй. Австралийн тамирчин Жек Робинсон далайд живж амиа алдах тун дөхсөн бөгөөд усны мотоцикл буюу гидроцикл унасан залуус түүнийг аварсан юм.

 

 

Гэхдээ энэ явдал нь Австралийн тамирчин хамгийн өндөр үзүүлэлттэйгээр дараагийн шатанд шалгарахад нөлөөлөөгүй билээ.

Мөрөөдлийн кадр

Энэ удаагийн Парисын Олимпын үеэр спортын гэрэл зургийн түүхэнд шилдэгт тооцогдох фото зургийг авч чадсан гэж шинжээчид үзэж байна. Учир нь, AFP агентлагийн гэрэл зурагчин Жером Бруйе Бразилын серфингийн тамирчин Габриэл Медина ээлжит дасгалаа амжилттай гүйцэтгээд далайн давалгаа дотроос гарч ирж буй агшныг гэрэл зургийн дурандаа буулгаж чадсан нь гайхамшигтай.

 

 

“Гэрэл зурагчин бүр ийм агшныг үргэлж хүлээж байдаг. Ямар нэг гайхамшигтай зүйл болох нь гэдгийг урьдчилаад мэдээд байдаг, гэхдээ хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байдаг учраас маш хэцүү. Медина зарим үед акробатикийн үзүүлбэр хийдэг, энэ удаад түүнийгээ хийх үед нь товчлуур дээр дарж амжсан” хэмээн Бруйе ярьж байна.

Сануулан дурдахад, Олимпын серфингийн тэмцээн Парис хотоос 16 мянган км-ийн зайд орших Таити арал /Францын Полинез/ дээр болж байгаа билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18