БНАСАУ-ын дарга Ким Жон Ун Германы автомашин үйлдвэрлэгч Mersedes Benz компанийн өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд гарсан SUV ангиллын шинэ автомашин хөлөглөх болжээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн төв цахилгаан мэдээний агентлаг 10-ны өдөр мэдээлснээр, Ким дарга 8, 9-ний өдрүүдэд Хойд Пёнган мужийн Уйжү хошууны үерийн голомтод дахин очсон талаар онцолсон байна. Тус мэдээний хамт нийтэлсэн гэрэл зураг дээр Меrsedes Benz компанийн лого бүхий хар SUV ангиллын автомашин гарсан аж.
Тэгвэл уг гэрэл зурагт гарсан автомашин нь “Mercedes-Maybach GLS 600 4MATIC Facelift" загвар ба үнэ нь Өмнөд Солонгост 279 сая воноос эхэлдэг.
Тухайн үед Ким Жон Ун хувийн галт тэрэгнийхээ нэг вагоны хаалгыг хоёр тал руу нь бүрэн дэлгэж тайз болгоcон байсан ба үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэддээ хандан үг хэлж байсан юм. Харин түүний автомашин галт тэрэгний хаалганы цаанаас цухуйсан байсан аж.
Түүнчлэн тус автомашин 7 27 1953 гэсэн улсын дугаартай байсан нь Умард Солонгосын хувьд Солонгосын дайны үеэр АНУ-ын эсрэг дайн хийж ялсан өдөр буюу "Ялалтын баяр" хэмээн нэрлэгддэг өдөртэй давхцаж байсан нь анхаарал татсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зүгээс Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байгааг энэ үйл явдал дахин нотоллоо хэмээн шинжээчид дүгнэжээ.
Ким Жон Ун Mersedes Benz-ийг таашаадаг нь хэд хэдэн удаа анзаарагдаж байсан юм. Тухайлбал энэ оны 1-р сард Солонгосын төв телевизээр цацагдсан баримтат кинонд тэрээр мөн л “Меrsedes-Мaybach GLS 600” загварын автомашинд сууж буй дүр зураг үлдсэн байдаг.
Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа Пёньянд айлчилж, дэлхий нийтийн анхаарлыг татах үед ч тэрээр Mersedes Benz маркийн автомашиныг хөлөглөн албан ёсны угтах ёслолд оролцож байсан билээ.
Ким Жон Ун “Mercedes-Maybach GLS 600 4MATIC Facelift-ээс гадна Maybach седан, лимузин зэрэг автомашинууд эзэмшдэг бөгөөд Японы Тоyota компанийн тансаг зэрэглэлийн брэнд болох Lexus маркийн SUV ангиллын автомашиныг мөн таашаадаг юм.
Эх сурвалж: YTN