Сансрын жуулчид түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ
9 сарын 13. 10:100

Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа сансрын жуулчдыг задгай сансарт гаргах ажиллагааг өчигдөр амжилттай гүйцэтгэлээ.

Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд сансарт ниссэн Америкийн тэрбумтан Жаред Айзекман дэлхийн гадаргуугаас 700 км-ийн өндөрт, 25 мянга гаруй км/цагийн хурдтайгаар нисэж буй “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гараад хэдэн минутын дараа хөлөгтөө буцаж оржээ. Ингэснээр тэрбээр задгай сансарт гарч чадсан түүхэн дэх анхны сансрын нисгэгч бус хүн боллоо.

Түүний дараа SpaceX компанийн ахлах инженер Сара Гиллис мөн задгай сансарт гарч, хэдэн минутыг өнгөрүүлжээ.

Сансрын хөлгөөс гарах нь тойрог замын нислэгийн үеийн хамгийн эрсдэлтэй ажиллагаа бөгөөд 1965 онд ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Леонов задгай сансарт гарснаас хойш зөвхөн мэргэжлийн туршлагатай сансрын нисгэгчид л үүнийг гүйцэтгэж ирсэн юм.

Хоёр хоногийн өмнө эхэлсэн Polaris Dawn хөтөлбөрийн нислэг 6 хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр “Crew Dragon” хөлөг дэлхий орчмын тойрог замын хамгийн өндөр цэгт буюу 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ. Өөр нэгэн рекорд гэвэл, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад одоо хөл хөдөлгөөн ихтэй байгаа бөгөөд түүхэнд анх удаа 19 хүн цуглараад байна.

Сансрын жуулчин хүн задгай сансарт гарсан явдлыг НАСА-гийн сансрын нисгэгч Майк Хопкинс тодорхойлон хэлэхдээ “энэ бол зөвхөн Polaris Down хөтөлбөр, SpaceX компанийн хувьд төдийгүй нийт хүн төрөлхтний хувьд гайхамшигт үйл явдал мөн. Бид бүхэн гарагууд хооронд амьдрахад дахин нэг алхмаар ойртлоо” гэв. Тэрбээр тойрог замд 168 хоногийг өнгөрүүлж, задгай сансарт 5 удаа гарч байсан туршлагатай сансрын нисгэгч юм.

Ж.Айзекман гэж хэн бэ?

Өдгөө 41 настай, 1,9 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбээр Polaris Dawn хөтөлбөрийн нислэгт оролцож буй нийт 4 хүний зардлыг хувиасаа төлжээ.

Айзекман 1999 онд 16 настайдаа цахим гүйлгээ хийдэг Shift4 Payments гэдэг компаниа байгуулсан ба багаасаа нисэх хүчний салбарыг маш их сонирхдог байв. 2004 онд нисгэгчийн сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрт хөнгөн онгоцоор дэлхийг тойрч, дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Өчигдөр тэрбээр задгай сансарт гарахдаа “гэрт маань бидэнд хийх ажил маш их байна, харин эндээс Дэлхий маань төгс сайхан ертөнц мэт харагдаж байна” гэжээ.

Polaris Dawn бол Ж.Айзекманы хувьд хоёрдахь сансрын нислэг юм. 2021 онд тэрбээр түүхэнд анх удаа мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн Inspiration4 багийн нислэгийг ивээн тэтгэн удирдаж байв.

Тэрбээр Нью-Жерси муж улсын Юнион гэдэг жижигхэн хотод төржээ. 15 настайдаа сургуулиасаа гарсан тэрбээр жилийн дараа байшингийнхаа хонгилд Shift4 Payments гэдэг компаниа байгуулж байв. Өнөөдөр АНУ-ын бүх зочид буудал, зоогийн газруудын гуравны нэг нь, тэдгээрийн дотор Hilton, Four Seasons, KFC зэрэг газрууд төлбөр тооцоогоо энэ компаниар дамжуулан хийж, гүйлгээний дүн нь 260 тэрбум доллароос давж байна.

2011 онд Ж.Айзекман цэргийн нисгэгчдийг бэлтгэдэг Draken International гэдэг фирмийг байгуулж байсан бол өдгөө дэлхий дээрх хамгийн олон онгоцтой хувийн компани болж өргөжжээ. 2019 онд тэрбээр компаниа Blackstone гэдэг компанид зарснаар Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан байна.

“Долоо хоногт 80 цаг ажилласныхаа дараа алжаалаа тайлахын тулд Айзекман дуунаас хурдан МИГ онгоцоор нисэж, ууланд авирдаг” тухай тус сэтгүүлд бичиж байв.

“Хөрөнгө мөнгөнийхөө хэрээр бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй. Амьдралын сүүлчийн өдөр хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээн өөрийнх нь амьдралын тухай өгүүлдэг Netflix-ийн цуврал кинонд Айзекман хэлдэг.

Тэрбээр эхнэр, хоёр охины хамт төрөлх Нью-Жерсидээ амьдарч байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38