Эрчим хүчний “мангас” хиймэл оюун ухааны эрэлт ихсэх тусам байгалийн хийн хэрэглээ эрчимжих төлөвтэй байна
4 сарын 3. 4:350

Хиймэл оюун ухааны технологийн эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдэхийн хэрээр байгалийн хий зэрэг чулуужсан түлшний "алтан үе" ирнэ гэх таамгийг мэргэжилтнүүд хийх болжээ.

Гадаадын томоохон мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, хиймэл оюун ухааны технологид шаардагдах эрчим хүчний эрэлт хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж, зөвхөн сэргээгдэх эрчим хүч, батарей зэрэг эх үүсвэрээр хангаж чадахгүй болж байгаа энэ үед чулуужсан түлшний ач холбогдол улам бүр бэхжиж байна хэмээн эрчим хүчний салбарын томоохон компаниудын удирдлагууд байр сууриа илэрхийлснийг онцлов.

Байгалийн хий үйлдвэрлэлээрээ АНУ-даа тэргүүлэгч EQT компанийн гүйцэтгэх захирал Тоби Райс "Байгалийн хийгүйгээр хиймэл оюун ухааны өсөлтийг бий болгох боломжгүй" гээд хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн салбарууд нь АНУ-ын занарын хийн салбарт маш том боломжийг олгож байна хэмээн цохон тэмдэглэсэн байна.

АНУ-ын засгийн газар сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг бууруулахын тулд цэвэр эрчим хүчний салбарт асар их дэмжлэгийг үзүүлж байгаа билээ. Тэгвэл асар өндөр эрчим хүчний хэрэглээтэй дата төвүүдийг тогтвортой эрчим хүчээр хангахад зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь туйлын хангалтгүй юм.

Ногоон болон чулуужсан түлшний салбарын аль алинд нь томоохон “тоглогч” гэгддэг Energy Capital Partners компанийн үүсгэн байгуулагч Даг Киммелман "Байгалийн хий бол хиймэл оюун ухааны өсөлтийг хангахад томоохон технологийн компаниудад шаардлагатай найдвартай эрчим хүчийг 24/7 нийлүүлж чадах цорын ганц хэмнэлттэй арга юм” хэмээн дурджээ.

Түүнчлэн Enbridge компанийн дэд ерөнхийлөгч Колин Гроудинг “Хиймэл оюун ухааны өсөлт нь байгалийн хийн салбарт сайны дохио болж байна. Тогтмол бус үйлдвэрлэлтэй сэргээгдэх эрчим хүч үүнд тун хангалтгүй юм” хэмээн үзэл бодлоо мөн илэрхийлэв.

Харин эрдэмтэд байгалийн хийн хэрэглээг өргөжүүлэх нь дэлхийн дулаарлыг зогсоох олон улсын хүчин чармайлтыг сулруулж байна гэж анхааруулжээ. Гэсэн хэдий ч үүлэн тооцооллын хадгалах сан, криптовалютын олборлолт, хиймэл оюун ухаан зэргээс шалтгаалан дата төвийн эрчим хүчний эрэлт хурдацтай нэмэгдсээр байна. Дэлхий даяар гурван хоног тутамд нэг шинэ дата төв нээгдэж байна хэмээн Мicrosoft компанийн гүйцэтгэх захирал саяхан мэдэгдсэн билээ.

S&P Global Commodity Insights-ийн мэдээлснээр, 2035 он гэхэд зөвхөн уг салбарт 480 тераватт цагийн (ТВт) цахилгаан эрчим хүч шаардагдах ба энэ нь АНУ-ын нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээний аравны нэгтэй тэнцэнэ хэмээн мэдэгдсэн байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2026 он гэхэд дэлхийн дата төвийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 1000 ТВт цаг давах ба энэ нь 2022 оны хэрэглээнээс даруй хоёр дахин өссөн үзүүлэлт төдийгүй ХБНГУ-ын нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээтэй тэнцэх хэмжээний өсөлт гэв.

Одоогийн байдлаар АНУ цахилгаан эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 40 гаруй хувийг хийн түлшнээс гаргаж авдаг гэх тооцоо бий. Ирэх онд хийн түлшээр ажилладаг 20 цахилгаан станц шинээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.

Ойрын хэдэн жилийн хугацаанд байгалийн хийн хэрэглээ буурна гэж бодож байсан юм. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бодол маань замхарч байна” гэж Хойд Америкийн Siemens Energy компанийн ерөнхийлөгч Рич Боорберг хэлэв.

Гэвч Google, Microsoft зэрэг томоохон технологийн компаниуд ирээдүйд зөвхөн ногоон эрчим хүчийг ашиглах зорилт тавьснаар чулуужсан түлшний компаниудын энэхүү эерэг таамаглалыг үгүй хийж байна гэж зарим шинжээчид дүгнэжээ. Тодруулбал эрчим хүчний салбарын S&P компанийн албаны хүн "Дэвшилтэт технологийн өсөлтийг хангахад шаардагдах эрчим хүчний ихэнхийг нүүрстөрөгчгүй эрчим хүчний эх үүсвэрээс гаргах болно" гэж цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Schneider Electric-ийн гүйцэтгэх захирал Питер Хербек хэлэхдээ “Бид дата төвийнхөө хэрэглэгчдэд өгсөн амлалтаа биелүүлж эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр солих болно” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01