ПАРИС-2024: Олимпын наадмын зургаа дахь өдрийн тойм мэдээ
8 сарын 2. 11:540

Өчигдөр буюу пүрэв гарагт Олимпын тамирчид хөнгөн атлетик, спорт алхаа, буудлага, академик сэлүүрт завь, далбаат завь, жүдо, сэлүүрт завины слалом, спортын гимнастик, туялзуур жад, усанд сэлэлт гэсэн 10 төрөлд 18 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Энэ өдөр Парис хотод аянга цахилгаантай бороо орсон тул тэмцээн уралдааны хуваарьт бага зэргийн өөрчлөлт орж, спорт алхааны тэмцээнийг хагас цагаар хойшлуулахад хүрэв. Аз болоход хэт халсангүй. Олимпын тоглолтын түүхэнд спорт алхааны тамирчид замаа дуусгах үедээ ухаан алдан унаж байсан тохиолдол цөөнгүй удаа гарч байсан билээ.

Эрэгтэйчүүдийн 20 км-ийн уралдаанд Эквадорын тамирчин Брайан Пинтадо тэргүүлэгчдийн хэсгээс бараг 2 км-ээр тасран түрүүлж барианд орлоо. Мөнгөн медалийг Бразилын Кайо Бонфим, хүрэл медалийг Испанийн Альваро Мартин нар хүртжээ. Эмэгтэйчүүдийн 20 км-ийн алхаанд Хятадын тамирчин Ян Зяюй түрүүлж, өнгөрсөн оны дэлхийн аварга Испанийн тамирчин Мария Перес /алтан медальтнаас 25 секундээр хоцорсон/, Австралийн Жемайма Монтаг нар мөнгө, хүрэл медалиудыг хүртлээ.

Энди Маррей их спортоос явлаа

Их Британийн нэрт теннисчин Энди Маррей пүрэв гарагт тамирчны замналдаа сүүлчийн тоглолтоо хийлээ. Тэрбээр ¼-ийн хасагдах шатанд Дэн Эванстай хослон Америкийн Тэйлор Фриц, Томми Пол нартай тоглож, 2-6, 4-6 харьцаагаар хожигдов.

Хэрвээ хасагдах шатны аль нэг тоглолтод хожигдох аваас энэ нь Маррейгийн хувьд сүүлчийн тоглолт байх болно гэдгийг бүгд мэдэж байсан хэдий ч сэтгэл зүйн хувьд үүнд бэлэн бус байлаа. Хөгжөөн дэмжигчидтэйгээ маш сэтгэл хөдлөм байдлаар салах ёс гүйцэтгэж буй Эндийг хараад олон хүн уйлж байв.

Шотланд гаралтай Энди Маррей 2006 онд анх удаа тэмцээнд түрүүлснээс хойш АТP мэргэжлийн теннисчдийн холбооноос зохион байгуулдаг ганцаарчилсан төрлийн 46 удаагийн тэмцээнд аваргалж, гурван удаа хосын төрөлд түрүүлж байсан нэртэй тамирчин билээ. Тэрбээр Их дуулгын US Open-2012, Уимблдон-2013, Уимблдон-2016 гэсэн гурван том тэмцээний аварга бөгөөд теннисний спортын түүхэнд Олимпод хоёр удаа түрүүлсэн цорын ганц тоглогч юм.

Олон жилийн туршид тэрбээр Рожер Федерер, Рафаэл Надаль, Новак Жокович нарын хамтаар “их дөрвөл”-ийг бүрдүүлж байсан билээ.

Эндигийн хамгийн сүүлчийн тоглолт дууссаны дараа нэртэй теннисчид нийгмийн сүлжээнд постууд нийтэлж, Энди Маррейгийн шаргуу зан чанар, өвдөлтийг үл хайхран тоглож байгаа зэрэг нь олон үеийн теннисчдийг урамшуулан зоригжуулах болно гэсэн санаагаа илэрхийлжээ.

Энэ өдөр болсон эмэгтэйчүүдийн тэмцээний хагас шигшээ тоглолтод “шороон талбайн хатан хаан” гэгддэг Ига Свентек Хятадын теннисчин Жэн Циньвэнд 2:6, 5:7 харьцаагаар ялагдсан нь жинхэнэ дуулиан тарилаа. Учир нь, Польшийн тамирчин Свентек өмнө нь Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 4 удаа аваргалахдаа яг одоо Олимпын тэмцээн болж буй талбайд тоглож байсан юм. 2021 оноос хойш тэрбээр шороон талбайд огт хожигдоогүй ба Хятадын теннисчинтэй зургаан удаа учраа таарахдаа бүгдэд нь түүнийг ялж байлаа.

Харин одоо Свентек Олимпын хүрлийн төлөө тоглох боломжтой бөгөөд өрсөлдөгч нь хараахан тодроогүй байна.

Америкийн гимнастикчдын ээлжит ялалт

Ганцаарчилсан олон төрөлтийн тэмцээнд ялалт байгуулснаар Симона Байлз Парис-2024 Олимпын тоглолтоос хоёр дахь алтан медалиа хүртэж, Олимпын зургаан удаагийн аварга боллоо.

Дөрвөн төрөлтийн нийлбэр дүнгээр тэрбээр 59,131 оноо авч өрсөлдөгчдөөсөө хол тасарчээ. Мөнгөн медалийг Бразилын Ребека Андраде /57,932 оноо/, хүрэл медалийг Токиогийн Олимпын аварга Сунис Ли /56,465 оноо/ хүртсэн байна.

Хоёр өдрйн өмнө АНУ-ын спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ баг алтан медаль хүртсэн билээ.

Румын улсын нэрт гимнастикч, Олимпын аварга Надя Команэчи хэлэхдээ “Байлзын үсрэлт бол агаарын мандлын стратосфер давхарга руу хийж буй үсрэлт” гэж тодорхойлжээ.

Британийн сэлүүрчид медаль цуглуулсаар байна

Сонгодог /академик/ сэлүүрт завины төрөлд Матильда Хожкинс-Бирн, Беки Уайлд нар хүрэл медаль хүртсэн нь чамлахааргүй амжилт байлаа. Алтын төлөө Шинэ Зеланд, Румыний багууд өрсөлдөж, уралдааны сүүлчийн секундэд шинэ зеландчууд түрүүлэн барианд оров.

Сэлүүрт завины дөрвөлсөн төрөлд Их Британийн Эсме Бут, Хелен Гловер, Саманта Редгрейв, Ребекка Шортен нар нидерландчуудын дараа хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн дөрвөл болох Мэтт Олдриж, Дэвид Эмблер, Фредди Дэвидсон, Оливер Уилкс нар гараагаа сайн хийж чадалгүй хүрэл медалийн эзэд боллоо.

Зургаа дахь өдрийн шилдэг гэрэл зураг

Парисын Олимпын үеэр гэрэл зурагчид олон гайхалтай гэрэл зураг авсныг бид өмнө нь та бүхэнд үзүүлсэн билээ. Энэ өдөр мөн адил бас нэгэн гайхалтай зургийг авчээ.

Эйфелийн цамхгийн яг дээр нь аянга цахиж байна.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18