Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу нөлөөллөөс зайлсхийх, хүн төвтэй цэвэр эрчим хүчний шилжилтийн тухай АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакавагийн нийтлэлийг толилуулж байна.
Ази, Номхон далайн бүс нутаг нь хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг хэдий ч цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл хэргийн тэргүүлэгч бүс нутаг болох боломжтой нэн чухал уулзвар дээр ирээд байна. Азийн Хөгжлийн Банк (АХБ), гишүүн орнуудынхаа хамтаар “шударга шилжилт”-ийг дэмжих замаар бүс нутгийг тогтвортой ирээдүйн зүг хөтөлж буй юм. Бидний алсын хараа нь хөгжил цэцэглэлтийг өдөөж, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхүйц нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг цогцлоох эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэдэг.
Хүн төвтэй цэвэр эрчим хүчний шилжилт буюу “шударга шилжилт” хэр чухлыг хэлж баршгүй. Ази, Номхон далайн бүс нутаг нь хатуу түлшнээс нэн хамааралтай байгаа учраас дэлхийн нэг жилд ялгаруулж буй хүлэмжийн хийн талаас илүү хувийг дангаараа ялгаруулж байна. Үүний зэрэгцээ тус бүс нутгийн 200 сая гаруй хүн ядууралд нэрвэгдэж, олонх нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүйн улмаас хоол хийх, гэр орноо халаахдаа уламжлалт түлшийг ашиглаж байгаа юм. Ялангуяа, эмэгтэйчүүд илүү их өртөж буй бөгөөд ихэвчлэн тэгш бус үр нөлөөтэй нүүр тулдаг.
АХБ нь цэвэр эрчим хүч рүү шилжихэд гарах зардал, үр ашгийг шударгаар хуваарилах зорилгоор хүртээмжтэй арга барилыг нэн тэргүүнд тавьж байна. Цэвэр эрчим хүчний шилжилтэд хүрэхийн тулд бид эдийн засгийн бүтцээ өөрчилж, ажиллаж амьдрах арга барилаа өөрчлөх шаардлагатай. Энэ үйл явцын туршид өөрчлөлтөөс үүдэн гарах ачааллыг эмзэг бүлгийн иргэдэд үүрүүлэхгүй байх, нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засгийн үр өгөөжийг дээд зэргээр нэмэгдүүлж, тэгш хуваарилах нь туйлын чухал юм. Нийгмийн бүх анги давхарга, тэр дундаа эмэгтэйчүүд эдгээр үр өгөөжөөс тэгш хүртэх нь бидний шударга шилжилтийн хүчин чармайлтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд АХБ нь бодлогын тогтвортой тогтолцоог хэрэгжүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын оролцоог хангаж, тэднийг татан оролцуулах чиглэлээр түншүүдтэйгээ хамтран ажилладаг. Шударга шилжилтэд чиглэсэн эдгээр хүчин чармайлт нь Парисын хэлэлцээр зэрэг дэлхийн нийтийн амлалттай нийцэж байгаа бөгөөд улс орны түвшинд, хөгжиж буй гишүүдээ бид өөр өөрсдийн өвөрмөц уур амьсгалын сорилт, хөгжлийн онцлог, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн бодлого, хөтөлбөр боловсруулахад нь дэмжиж ажиллаж байна.
2023 оны НҮБ-ын КОП27 уур амьсгалын чуулганы үеэр АХБ хөгжиж буй гишүүн орнуудынхаа шударга шилжилтийг дэмжих зорилгоор Шударга шилжилтийг дэмжих платформыг танилцуулсан.
Энэхүү платформ нь улс орнуудыг институцийн хүрээ болон хөгжлийн бодлогодоо шударга шилжилтийг тусгахад нь туслах бөгөөд шударга шилжилтийг хийхэд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шинэлэг санхүүжилтийн арга барилыг тодорхойлоход нь дэмжлэг үзүүлнэ. Энэхүү платформ нь мөн АХБ-ны үйл ажиллагаанд шударга шилжилтийг нэвтрүүлэхэд дэмжлэг болох юм.
Түүнчлэн, КОП28 чуулганы үеэр АХБ цэвэр эрчим хүчний шилжилтэд тулгарах нийгэм, эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн санхүүжилтийг олгох Шударга Шилжилтийн Санхүүгийн Хөтөлбөрийг боловсруулах нийтийг хамарсан үйл явцыг эхлүүлсэн. Энэ нь улс орнуудад шилжилтийн үеийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бодитоор хүртэхэд нь тусалж, эдгээр үр өгөөж нь хүртээмжтэй, өргөн хүрээтэй байж, эцсийн дүндээ нүүрстөрөгчийн ялгарал багатай, эрсдэлд тэсвэртэй эдийн засаг руу эрчтэй бөгөөд эрх тэгш шилжих үйл явцыг дэмжинэ.
Шударга шилжилт нь АХБ-ны Эрчим хүчний шилжилтийн механизмын (ETM) үндсэн хэсэг болно. АХБ-наас гишүүн орнуудтайгаа хамтран боловсруулсан энэхүү механизм нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах дэлхийн томоохон хөтөлбөрүүдийн нэг болох магадлалтай, өргөжүүлэх боломжтой санаачилга юм.
Энэ хүрээнд засгийн газар, олон талт банкууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид, буяны байгууллагууд болон бусад урт хугацааны хөрөнгө оруулагчид улс орнуудын тусгай сангуудад төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Эдгээр сангууд нь нүүрсээс эрчим хүч гаргадаг байгууламжуудыг ердийн хуваариас арай эрт ашиглалтаас гаргах эсвэл өөр зориулалтаар ашигладаг болгох зорилготой юм.
Шударга шилжилтийн зарчмууд нь Эрчим хүчний шилжилтийн механизмыг хэрэгжүүлэхэд нэн чухал бөгөөд бодлого, хөтөлбөрөөр дамжуулан нийгэм, эдийн засгийн болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулахад тусална. Тухайлбал, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд нь шинэ тутам бий болж буй аж үйлдвэрүүдийн шинэ боломжуудыг эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн иргэдэд нээж өгдөг.
Цэвэр эрчим хүч рүү шилжихтэй холбоотой үүсэх нийгмийн нөлөөллийг зохицуулахын ач холбогдлыг АХБ-ны Индонезийн Сиребон 1 нүүрсээр галладаг цахилгаан станц дээр хийсэн ажлаас харж болно. Энэхүү цахилгаан станцад Эрчим хүчний шилжилтийн механизмыг туршиж буй бөгөөд АХБ-ны хувьд болон бүс нутагтаа анх удаа шударга шилжилтийн урьдчилсан үнэлгээг АХБ энэ оны эхээр хийж гүйцэтгэсэн юм. Үнэлгээнд нүүрсний нэмүү өртгийн сүлжээ болон орон нутаг, ойр орчмын нутаг дэвсгэрт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох цогц аргачлалыг ашигласан. Мөн төслийн үе шатуудад нөлөөллийг удирдах төлөвлөгөөг боловсруулах болон цаашид үнэлгээ хийх үйл явцыг бий болгосон.
Шударга шилжилт нь Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан ногоон, хүртээмжтэй хөгжлийн гайхалтай ирээдүйг санал болгож байна. Үүний үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн сөрөг нөлөөллөөс зайлсхийгээд зогсохгүй аз жаргал, жендэрийн тэгш байдлыг эрхэмлэдэг, зохистой ажлын байр санал болгодог, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангадаг илүү шударга нийгмийн дэг журмыг бий болгож чадна.
Нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалд тэсвэртэй ирээдүйг бүтээхэд шаардагдах шударга ёс, хүртээмжтэй байдлын зарчмуудыг баримтлахын тулд бид нийгмийн бүхий л салбарт өөдрөг үзэл, хамтын хүчин чармайлтыг уриалах ёстой.
Энэхүү аялал нь тодорхой сорилтуудтай тулгарах хэдий ч илүү эрүүл, эрх тэгш, хөгжин цэцэглэсэн ертөнцийг бий болгох өөрчлөлт шинэчлэлтийн боломжоор дүүрэн байна. Бидний одоо зурах зам нь бидний хойч үедээ үлдээх уур амьсгалын өв соёлыг тодорхойлох болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй