Ж.Байден, Ши Жиньпин нар утсаар ярина
8 сарын 29. 14:230

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “ойрын долоо хоногт” утсаар ярина гэж Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын Гадаад хэргийн хорооны дарга Ван И-тэй уулзахаар Бээжинд айлчлах үеэр дээрх мэдэгдлийг хийлээ. Хоёр талын мэдээлснээр, ойрын хугацаанд цэргийн удирдагчид ч мөн утсаар ярих ажээ.

Хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын хоёр дахь шатны хэлэлцээг хийхээр төлөвлөж байна гэж Хятадын тал мэдээлсэн байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста удахгүй Хятадад айлчлах ажээ. Гэхдээ айлчлал хэдийд болох талаар дурдсангүй.

Хоёр улс технологийн хязгаарлалт, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Украины асуудлаар байр сууриа хадгалж байгааг Ж.Салливаны айлчлалын талаарх албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Ж.Байден ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан бөгөөд дэд Ерөнхийлөгч Камала Харрист нэр дэвших эрхээ шилжүүлсэн юм. Цагаан ордны мэдэгдэлд ерөнхийлөгч нарын нэрийг дурдаагүй, харин “удирдагчдын түвшинд дуудлага” хийхээр төлөвлөж байгааг тэмдэглэжээ.

Харин Хятадын талын мэдэгдэлд “хоёр орны төрийн тэргүүн нар” гэсэн ердийн хэллэгийг ашигласан бөгөөд хоёр тал “харилцаа холбооны шинэ үе шат”-ны талаар хэлэлцэж байна гэсэн байна.

Хоёр орны удирдагчид 2023 оны 11 дүгээр сард Калифорни муж улсын Сан-Франциско хотноо дээд хэмжээний уулзалт хийснээсээ хойш энэ оны дөрөвдүгээр сарын эхээр хоёр цаг орчмын турш утсаар ярьсан юм.

Сүүлийн жилүүдэд хурцадмал байдал нэмэгдэж, Ковид-19 цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосон зэрэгтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өндөр түвшний харилцаа холбоо амаргүй байсан юм.

Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн 2022 оны наймдугаар сард Тайваньд хийсэн айлчлал, 2023 оны хоёрдугаар сард олны анхаарлыг татсан “агаарын бөмбөлгийн асуудал” зэрэг нь хоёр талын харилцааг улам хурцатгаж, урьдчилан төлөвлөөд байсан зарим яриа хэлэлцээг түр зогсооход хүргэжээ.

Ж.Салливан Бээжинд мягмар гарагт хүрэлцэн ирж, Ван И-тэй хоёр өдрийн уулзалт хийсэн юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд Ван И-тэй олон удаа уулзаж байсан боловч үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн хувиар Хятадад анх удаа айлчилж буй нь энэ юм. Сюзан Райс 2016 онд Обамагийн засаг захиргааны үед Бээжинд айлчилсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн Хятадад хийсэн хамгийн сүүлийн албан ёсны айлчлал байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18