Испанийн теннисчин Рафаэль Надаль бэртлийн улмаас Парис-2024 Олимпын тоглолтод оролцож чадахгүйд хүрч магадгүйг түүний дасгалжуулагч Карлос Мойя үгүйсгэсэнгүй.
Өмнө нь мэдээлснээр, Надаль пүрэв гарагт Германы теннисчин Александр Зверевтэй хамт бэлтгэл хийхээр төлөвлөснөө цуцалсан байна. “Түүнд сэргэх хугацаа олгохын тулд өнөөдөр амраахаар шийдсэн. Тэрбээр эмчилгээ хийлгэж байгаа, маргааш тоглох эсэхээ шийдэхийн тулд амрах шаардлагатай” гэж дасгалжуулагч хэлээд, Надаль лхагва гарагт бэртэл авсан болохыг баталлаа. Тухайн өдөр тэрбээр баруун гуяа боосон байжээ.
“Олимп эхлэхэд хоёрхон хоног үлдээд буй энэ үед нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх нь зүйтэй, нөхөн сэргэлт хэрхэн явагдаж буйг ажиглахын тулд цаг хугацаа хэрэгтэй, маргааш, нөгөөдөр түүний бие хэрхэн сайжрах нь вэ гэдгийг харцгаая” гэж дасгалжуулагч ярьсан байна.
“Олимпод оролцохыг Надаль маш ихээр хүсэж байгаа, түүнийг шахаж шаардахын оронд сайтар амрааж, бямба гараг гэхэд биеийнх нь байдал сайжирсан байгаасай хэмээн хүсэж байна. Тэрбээр тэмцээнд оролцох уу үгүй юү гэдгийг би яг таг хэлж чадахгүй нь“ гэж дасгалжуулагч Мойя ярилаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ