Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Өдгөө 73 настай театрын найруулагч, профессор асан Марси Арлин болон 25 настай Нью-Йоркийн их сургуулийн төгсөх курсын оюутан Гаён Ли нар Нью-Йорк хотын Бруклин дүүрэг дэх нэгэн орон сууцанд хамтдаа амьдардаг. Нөхөр нь найман жилийн өмнө нас барж, өнгөрсөн жил багшийн ажлаасаа халагдан орлогогүй болсныхоо дараачаас хатагтай Арлен хажуу өрөөгөө түрээслүүлэх хүн хайж эхэлжээ. Улмаар хажуу өрөө түрээслэх, түрээслүүлэх хүмүүсийг холбодог аппликэйшнээр дамжуулан дотуур байрнаас өөр илүү тайван амьдрах газар хайж байсан төгсөх курсын оюутан Литэй танилцжээ. Ли сард 1000 ам.долларын түрээсийн төлбөр төлдөг ба Арлен энэхүү мөнгөөр эрүүл мэндийн даатгал болон автомашины даатгалын шимтгэл зэрэг урсгал зардлын дарамтаас чөлөөлөгдөж чаджээ.
Сарын түрээс, амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-д “baby boomers” (1946-1964 оны хооронд төрөгсөд) болон залуу үеийнхний хамтдаа амьдардаг "boom-mate" (baby boom болон roommate гэх хоёр үгийг холбосон үг) түгээмэл болж байгаа талаар Bloomberg News болон Fox News агентлаг саяхан мэдээлсэн байна.
Харвардын их сургуулийн нийтийн орон сууцны судалгааны төвийн мэдээлснээр одоогоор 65-аас дээш насны нэг сая америк хүн ямар ч цусан төрлийн хамааралгүй хүмүүст хажуу өрөөгөө түрээслүүлэн амьдарч байгаа талаар онцолжээ. Өмнө нь их сургууль болон коллежийн оюутнууд л голчлон ашигладаг байсан “хажуу өрөө түрээслэгч хайдаг” аппликейшн сүүлийн үед өндөр настай хэрэглэгчдээр дүүрсэн байна. Орон сууцны мэдээллийн Spareroom сайтын мэдээлснээр, одоогоор АНУ-д хажуу өрөөгөө түрээслүүлдэг дөрвөн хүн тутмын нэг нь 45-аас дээш насныхан байгаа талаар онцлов. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ үзүүлэлт хоёр дахин өссөн байна.
“Boom-mate” гэх энэхүү үзэгдэл нэмэгдэж буйн шалтгаан орон сууцны түрээс зэрэг амьдрах зардал ихээхэн өссөнтэй холбоотой. Bloomberg-ийн мэдээлснээр Нью-Йорк дахь орон сууцны түрээс цар тахал дэгдэхээс өмнөх үеийнхээс 33 хувиар өсжээ. Орон сууц өмчлөгчдийн хувьд ч татвар, даатгал, нийтийн үйлчилгээний төлбөрийн ачаалал 2020 оноос хойш 26 хувиар өссөн байна.
Түрээсийн дарамтаа бага ч гэсэн хөнгөлөх хүсэлтэй түрээслэгч залуучууд болон хоосон өрөөгөө түрээслүүлж мөнгө олох гэсэн ахмад настай байрны эздийн хувьд энэ нь маш үр ашигтай нэгдэл болж буй юм. Түүнчлэн амьжиргааны зардлаа ч хэмнэх давуу талтай. Зарим байрны эзэд “Түрээслэгч гэрийн ажил хийсэн тохиолдолд түрээсээ бууруулахад бэлэн байна” гэдгээ илэрхийлдэг байна.
Ахмадуудад хажуу өрөөгөө түрээслүүлэхэд нь туслах зорилго бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Нью-Йоркийн ахмад настнуудад зориулсан сангийн тэргүүн Линда Хоффман “Анх 1981 онд энэхүү хөтөлбөрийг эхлүүлж байхад олон хүмүүс ганцаардал гэх асуудлаас ангижрах зорилгоор хажуу өрөөгөө түрээслүүлж байсан бол өдгөө санхүүгийн шалтгаанаар хажуу өрөөгөө түрээслүүлэх нь ихэссэн” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Ялангуяа орон сууцны үнэ өсөж байгаа энэ үед “baby boom” үеийнхэн тэтгэвэрт гарч байгаа нь “boom-mate” үзэгдэл нэмэгдэх гол шалтгаан болж байна хэмээн үзэх шинжээчид олон байгаа юм. Америкийн зарим тэтгэвэрийн насныхан тэтгэвэрт гарсныхаа дараа ч зээлээ төлсөөр байх тохиолдол бий. Харвардын их сургуулийн орон сууцны судалгааны төвийн захирал Женнифер Молински “Зээлтэй ахмадуудын тоо нэмэгдсээр байна. Тэдний олонх нь орлогоороо зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд амьдарч байна” хэмээн өгүүлэв.
Өдгөө 71 настай Жозеф Иориогийн хувьд 2022 онд ханиа алдсныхаа дараа хажуу өрөөгөө түрээслүүлэн сар бүр 1000 ам.долларын нэмэлт орлоготой болжээ. Учир нь гурван өрөө байрны зээлийг төлөх амаргүй байдгаа тэрээр хуваалцсан байна. Иорио "Хэрэв би хажуу өрөөгөө түрээслүүлдэггүй байсан бол зээлээ төлөхөд хэцүү байх байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Харвардын их сургуулийн мэдээлснээр 65 ба түүнээс дээш насны америкчуудын тоо 2012 онд 43 сая байсан бол 2022 онд 58 сая болж өссөн байна. Түүнчлэн 2027 он гэхэд 65-аас дээш насны америкчуудын тоо жил бүр 4.1 саяар нэмэгдэнэ гэсэн таамаг бий. Баялгийн удирдлагын Creative Planning компанийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Жэйми Батмер "Олон хүн тэтгэвэрт гарахын хэрээр “boom-mate”-ийн тоо ч цаашид нэмэгдэх нь гарцаагүй” хэмээн таамагласан байна.
Эх сурвалж: JoongAng
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй