Францын эрх баригчдын мэдээлж байгаагаар Францын умард эргийн ойролцоо мягмар гарагт дүрвэгчдийн сууж явсан завь осолдсоноор багаар бодоход 12 хүн нас барсны ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан байна.
Булон-сюр-Мер хотын дарга Фредерик Кувильен мэдээлснээр завинд хэчнээн зорчигч явсан талаар нарийн мэдээлэл байхгүй ч ойролцоогоор 70 хүн сууж явсан гэнэ.
Аврах албаныхан нийт 53 хүнийг уснаас аварч, нас барагсдын цогцсыг гаргаж авсан аж. Аврагдсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал маш ноцтой байсанд яаралтай эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн гэнэ.
Аврах ажиллагаанд хоёр нисдэг тэрэг, загасчны хоёр завь, хоёр усан онгоц дайчлагдсан байна. Мүүлийн үед Британид хүрэх гэсэн дүрвэгчид олноор жижиг завинд чихэлдэн яваад Английн сувагт эмгэнэлтэйгээр осолдох нь олон болсон гэж албаныхан мэдээлжээ.
Албаны мэдээллээр завь эргээс таван км зайд живсэн бөгөөд дүрвэгчдийн ихэнх нь Эритрей улсын иргэд байсан, завин дээр найм хүрэхгүй аврах хантаазтай, нас барсан 12 хүний 10 нь эмэгтэй, тэдний зарим нь бага насны охид байсан гэнэ.
Өнгөрсөн онд л гэхэд 30 мянга орчим дүрвэгч уг сувгаар дамжиж олноороо жижиг завинд чихэлдэн аз сорин байж Британид орогносон гэх тоо баримт бий. Гэвч ийм аз сорьсон оролдлого бүтэлгүй болох нь элбэг аж. Наймдугаар сард гэхэд л мөн ижил байдлаар завь живж, зургаан хүн эндсэн байна.
Эх сурвалж: CNN